Сайн лого бүтээхэд баримтлах 7 зарчим

  • Блог
  • 2017-10-02
Д.Наранчулуун

Д.Наранчулуун
PhD Student, CEO and Founder at VA, Developer, UX/UI Designer

Сайн лого бүтээхэд баримтлах 7 зарчим

1. Урьдчилж хар зураг гаргах хэрэгтэй

Дизайны ажилд урьдчилж хар зураг гаргах нь хамгаас чухал бөгөөд үндсэн логоны загварыг ямар байх нь эндээс л үүдэлтэй.

Хар зураг гаргах гэдэг нь өөрт төрсөн санаа бүрийг бал цаас ашиглан тэмдэглэж авахыг хэлэх бөгөөд гоё сайхан зурах энд огт хамаагүй. Дунджаар 20-30 санааг хар зургаар буулгаж байж сайн лого бүтэх гол санаа тогтдог.

Лого дизайны ажилд хар зургаа гаргахад цагаа сайн зарцуулж чадвал эцсийн гүйцэтгэл дээр тийм ч их хугацаа зарцуулдаггүй.

 

2. Тэнцвэрийг хадгал

Лого бүтээхэд өнгөний тэнцвэр, дүрсний тэнцвэр, хэмжээний тэнцвэрт байдлыг хадгалж зохиох нь хамгийн чухал байдаг учир нь хүмүүс бид байгалиасаа л тэнцвэрт байдлыг илүүд үздэгт оршино.

Иймээс аливаа логог бүтээхэд тэнцвэрийг хадгалж хийх нь хамгийн аюулгүй үр дүнтэй зам билээ.

 

3. Хэмжээг чухалчил

Лого бүтээхдээ хэмжээг бас бодолцох хэрэгтэй бөгөөд бүх төрлийн хэмжээтэй зүйл дээр хэвлэхэд утга санаа үзэмжээ алддаггүй байх ёстой. Тэгэхээр лого нь хэт олон элементээс бүрдсэн байх нь нэрийн хуудас, албан бичиг, энгэрийн тэмдэг гээд жижиг зүйлс дээр хэвлэхэд асуудал үүсдэгийг анхааралдаа авчих хэрэгтэй.

 

4. Өнгөний сонголтонд анхаар

Өнгөний зохицол, өнгөний онол нь бага зэргийн төвөгтэй ч үндсийг нь ойлгочихвол тийм ч хэцүү биш юм.

 

Иймээс үндсэн хэдхэн энгийн дүрмийг санаад авчих хэрэгтэй

  • Өнгөний дугуй дээр байгаа зэргэлдээ өнгөнүүдээс сонго (ж. дулаан мэдрэмж өгөхдөө улаан, улбар шар, шаргал өнгийг сонгоно г.м ).
  • Логонд хэт цайвар өнгүүдийг сонгох нь харахад төвөгтэй.
  • Логонд хар цагаан, саарал болон хоёрхон өнгөний хослол дээр яаж харагдахыг бодолцох.
  • Заримдаа дүрмийг зөрчихөд тийм ч муугүй байж мэднэ.

Тэгэхээр лого бүтээхэд өөр өнгөний хослолуудыг мөн ашиглаж үзэх хэрэгтэй шүү.

 

5. Логоны дизайн нь тухайн газартаа зохицсон байх

Та логог бүтээхдээ янз бүрийн дизайнаас зөв сонголтыг хийхийн тулд та клиент болон брэндийн тухай бүрэн ойлголтыг авсан байх ёстой. Дизайны ажил эхлэхээс өмнө тухайн байгууллагын үйлчлүүлэгчдийг судал.

Энэ нь таныг хамгийн сайн дизайныг тодорхойлох гэж олон дахин зурахаас сэргийлж чадна.

 

 

Брэнд дизайн хийх гарын авлага татаж авах уу?

 

 

6. Логоны текстийн бичиглэл хамгийн чухал

Зөв фонтын төрөл, хэмжээг сонгох нь анхлан лого хийж байгаа хүмүүст их хэцүү байдаг.

Хэрэв таны логоны дизайнд текст багтаасан бол логоны хэсэг бүрийг ангилж, олон арван фонтоор туршиж үзэх хэрэгтэй. Serif (Times New Roman шиг) фонтууд болон sans-serif (Arial шиг) фонтууд, скрипт-үүд, налуу, өргөн фонтуудыг хүртэл туршиж үзээрэй.

Логоны дизайны үсгийг сонгохдоо дараах гурван зүйлийг анхаараарай:

  • Comec Sans гэх мэт хамгийн түгээмэл хэрэглэгддэг фонтуудыг хэрэглэхээс зайлсхийх
  • Скрипт буюу бичмэл фонтуудаар тодорхойлогдсон үед үсгийн алдаатай бичигдсэн эсэхийг сайтар шалгаарай.
  • Нэг төрлийн фонт нь хамгийн тохиромжтой, хоёроос илүү фонт сонгохоос зайлсхийх хэрэгтэй.

Энгийн байдаг фонтуудаас илүү тухайн брэндэд зориулсан шинэ төрлийн фонтыг зохиох тал дээр илүү ажилвал зүгээр байдаг. Энэ нь бусад брэндүүдээс илүү их тухайн брэндийг ялгаж өгөх болно.

Жишээ нь Yahoo!, Twitter, Coca Cola г.м

 

7. K.I.S.S. (KEEP IT SIMPLE, STUPID)

Энгийн лого нь хүмүүст хамгийн амархан тогтоогддог. Жишээ нь Nike брэндийн лого бол хамгийн энгийн хамгийн амархан тогтоогддог лого юм.

Иймээс лого хийхдээ K.I.S.S дүрмийг баримталж хэрэгцээгүй элементүүдийг хасаж логогоо хийгээрэй.

 

Танд амжилт хүсье

Та энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Асуулт, хариулт